Punsalmaa Foundation
НИЙТЭЛСЭН: 2022-08-29 03:44:21   |    Блог
ЭХЛҮҮЛСЭН БИЗНЕСЭЭ УНАГАХГҮЙ БАЙХ 8 ЗӨВЛӨГӨӨ

Өөрийн бизнесээ эхлүүлэх нь  өндөр уул өөд гарч байгаатай адил зүйл юм. Өөдөө өгсөж явахдаа, дотроо бүх юм болно доо л гэж залбирдаг. Энэ бол сэтгэлийн хөөрөл, айдсаар дүүрэн аялал юм. Уулан дээр зовж гарсны дараа уруудаад буцах уу гэсэн асуулт ч гарч мэднэ.

Ихэнх жижиг дунд бизнесүүд эхний уулаа даваад уруудаж эхэлдэг. Энэ бол жижиг бизнесүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээл юм.

Эхний уулаа даваад уруудахгүй байх эр зориг, хүсэл тэмүүлэл танд байна уу? Хэрвээ байгаа бол дараах 8 зөвлөгөөг дагаарай. Аялал тань илүү урт, сонирхолтой байх болно. 

1. Зах зээлийн нуугдмал хэсгийг олж нээ  

Бүх бизнес өөрсдийн зорилтот зах зээлээ тодорхойлдог. Гэхдээ тухайн зах зээл нь таны төсөөлснөөс тэс ондоо байдаг. Та тухайн зах зээлд өрсөлдөгчөөсөө илүү байж чадаагүй эсвэл тухайн жижиг зах зээлийн өсөлт нь тулсан байж болно.

Тэгэхээр та эхлүүлсэн бүх ажлаа зогсоох уу? Бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэчилж, бүхнийг шинээр эхлэхийн оронд зах зээлийн зорилтот бүлгээ шинэчилж, нуувчинд үлдсэн байж болох шинэ зах зээлийг олж нээхийг хичээгээрэй.

Жишээ нь, таны бүтээгдэхүүнийг өөр байдлаар хэрэглэж болдог гэдгийг олж мэдээгүй зорилтот бүлэг олон бий.

Өөрийн бүтээгдэхүүнээ өөрчлөх эсвэл бүх юмаа шинэчлэхийн оронд одоо байгаа бүтээгдэхүүн чинь ямар байдлаар өөр өөр зорилтот бүлэг рүү хүрч чадахыг нягт нямбай судлаарай.

 

2. Брэндээ шинэчил

Бизнесийн явцад эхний жилдээ маш олон өөрчлөлтүүдийг хийнэ. Зорилго, үнэ цэн хүртэл өөрчлөгдөнө. Бизнес чинь тогтворжоод эхлэхээр анх бүтээсэн брэнд төрх чинь одоо байгаагаасаа ямар их өөр болсныг та ойлгоно.

Хэрэв тийм бол та ажилтнууд болон хэрэглэгчдээсээ асуу. Танай брэнд тэдэнтэй холбогдож байна уу? Амархан танигдаж, сайшаагдаж байна уу? Хэрэв эдгээр зүйлс байхгүй бол брэндээ шинэчлэх цаг болж.

Брэндийн шинэчлэлт хийснээр ашиг, орлого шууд нэмэгдэнэ гэсэн үг биш ч танай компанийн зорилго, үнэт зүйлс өөрчлөгдөж бүхнийг шинээр эхэлж байгаатай адил. Ажилтнууд ч мөн адил брэндийн өнгө төрхөө дагаад өөрөөр ажиллаж эхэлнэ. Түүнчлэн шинэ хэрэглэгч олоход, шинэ брэнд байх нь олон давуу талыг үүсгэдэг.

Болгоомжлох зүйлс бас бий. Брэндийн шинэчлэлт хийхэд танай компанид гарч болох зардлууд байдаг. Хуучин хэрэглэдэг байсан хаяг, тоног төхөөрөмж, хувцас зэрэг зүйлсээ шинэчлэхэд хэдий хэмжээний зардал гарахаа урьдчилан тооцох нь чухал.

 

3. Технологийн дэвшлийг боломжийнхоо хэрээр ашигла

Ихэнх гарааны бизнесүүд технологийн дэвшлийг ойлгохгүй хоцрох тохиолдол олон.Технологийн шинэчлэлтийг цаг тухайд нь хийгээд явахгүй бол өрсөлдөгчөө хэзээ ч гүйцэхгүй байх талтай.

Жишээ нь клауд системийг нэвтрүүлснээр төслийн менежмент болон нягтлан бодох бүртгэлийн ажлууд хөнгөрч эхэлнэ. Жишээ нь, Xerox ашиглан онлайн нягтлан, банкны тайлан, файл хадгалалт, цалингийн тооцоо, нэхэмжлэл зэргийг клауд дотроо хийх боломжтой.

 

4. Нэмэлт бүтээгдэхүүн бүтээ

Харилцагчиддаа санал болгох, тэдэнд хэрэгтэй өөр ямар бүтээгдэхүүн байж болох уу? Шинэ, нэмэлт бүтээгдэхүүн гаргаснаар үнээ нэмэх эсвэл бууруулах шалтгаан шинээр бий болгож болдог. Заримдаа хамгийн энгийн нэмэгдэл, өөрчлөлт, чимэг өндөр үр дүн авчирдаг.

 

5. Ажилтнуудынхаа гүйцэтгэлийн үнэлгээнд анхаар

Таны бизнес ажилтнуудаас тань хамгийн их хамаардаг. Ашиг муу үед ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэлийг эргэн харах нь чухал. Ажилтнууддаа өгдөг сургалт, менежментийн арга барилаа ахин боловсруулж бүтээмж, үр ашгаа нарийн тооцоолох нь чухал.

Чадвараар нь үнэлэхээс гадна зөв ажилтан олж, тууштай нягт ажиллуулах нь тогтвортой байдлын үндэс болдог.

 

6. Маркетингаа цаг үетэй нь нийлүүл

Тренд болон ашиг хоёр үргэлж харилцан хамааралтай явдаг. Танай хэрэглэгчид одоогоор ямар тренд дагаж байна, тэр зүг рүү чиглүүлсэн маркетинг хийхэд ашиг орлого нэмэгдэх боломжтой.

Та ямар нэгэн тренд ашиглан ямар нэгэн холбоо хүмүүстэй үүсгэж чаддаг бол танай компани дараагийн шинэ зах зээл, шинэ шат руу  ойртож байна гэж ойлгож болно.

 

7. Хөндлөнгийн хүнээр бизнесээ шинжүүл

Та бизнесээ бор зүрхээрээ урагшлуулж, бүхнийг өөрөө хийж ирсэн. Та өөрөө хийх, шийдэх боломжгүй асуудал дээр гаднаас туслалцаа авах нь хамгийн зөв шийдвэр байдаг.

Жижиг дунд бизнес эрхлэгчид гадны дэмжлэг туслалцаа авахаас зайлсхийдэг. Миний бизнес бол миний бүтээл, би өөрөө л бүхнийг хийнэ гэдэг хандлагад баяртай гэж хэлээрэй. Хөндлөнгийн хүн авчирч асуудлыг шийдэх нь таны бизнесийг аврах нэг боломж юм.

Хөндлөнгийн зөвлөх таны харж байгаагүй нүдээр бизнесийг тань харж шинэ боломжуудыг нээж өгдөг. Зардал ихтэй ч үр өгөөж нь асар их гэдгийг сайн санаарай.

 

8. Өнгөрсөнд бус ирээдүйд анхаар

“Өнгөрсөн алдаануудаа март. Алдагдлаа март. Бүхнийг март. Гэхдээ одоо болон ирээдүйд юу хийх гэж байгаагаа л бүү март.”  Виллиам Дурант, Женерал Моторс - Хамтран үүсгэн байгуулагч

Та өөрөөсөө олон асуулт асуух хэрэгтэй.

Ашиг багатай, зардал өндөртэй үйл ажиллагаа хаана явагдаж байна вэ?

Аль бүтээгдэхүүний өртөг хамгийн өндөр, ашиггүй байна вэ?

Манай ажилтнуудын бүтээмж муу байна уу?

Бид буруу зах зээл рүү орох гэж оролдоод байна уу?