Байршил: Улаанбаатар
Албан тушаал: "М-ойл групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал, Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны (IWFCI) удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 8
Хэрэглэдэг компьютер: Macbook Air (2009 оноос хойш тасралтгүй ашиглаж байгаа)
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тууштай, хурдтай
Сошиал хуудсууд: Punsalmaa Badamdorj
Би өглөө 5 цагийн үед босож өдрийг эхлүүлдэг. Өмнө нь 9 цагт ажилдаа ирдэг байсан бол сүүлийн үед замын түгжрэлд цагаа үрэхгүйн тулд 8 цагт ирдэг болсон. Компанийнхаа ажлын цагийг ч 8 цагаас эхлүүлдэг болгосон. Ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд Bloomberg-ийн Energy буюу Эрчим хүч гэсэн цэс рүү орж нефтийн үнээ харна, өдрийн ажлаа төлөвлөнө. Тэр үнэ манайд нэг сар орчмын дараа эцсийн бүтээгдэхүүнд шингэж орж ирдэг юм. Ингэж 30-40 орчим минут төлөвлөлт хийсний дараа үндсэн ажилдаа ордог.
Тэгээд 11 цаг хүртэл төвлөрч ажиллах зүйлсээ хийж байгаад, 11-14 цагийн хооронд уулзалтуудаа хийдэг. Түүнээс хойш ер нь компанийн ажил харьцангуй гайгүй. Үдээс хойш олон нийтийн ажил, рестораны бизнестээ санаа тавьдаг. Мөн хүүхдүүдээ сургуулиас нь авч ээжийн үүргээ гүйцэтгэдэг.
Миний амнаас хамгийн их гардаг үг бол хурдан гэдэг үг. Тэгэхээр хурдтай ажиллахыг чухалчилдаг гэж хэлж болно. Монголчууд их дайчин хүмүүс. Ажлыг богино хугацаанд дайрч хийхдээ сайн гэж боддог. Харин удаан хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх тал дээр дутагдалтай байж магад. Миний хувьд эдгээрийг бодолцож, компанийн өдөр тутмын ажлыг саадгүй тогтвортой үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажилладаг даа.
ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?
Google-ийн аппуудыг их ашигладаг. Google Drive-аар хамаг ажлаа явуулдаг юм байна. Trello-оор ажлын төлөвлөлт, хяналт шалгалт хийнэ. Sweet гэдэг фитнессийн аппаар гэр зуураа дасгал хийчихдэг юм. Их цаг хэмнэдэг шүү. Мөн Blinkist гэх аппаар номын товчилбор, тоймуудыг унших дуртай.
Сая хэлсэн Blinkist апп их цаг хэмнэдэг. Уншдаг, сонсдог номуудтай тул хаана, ямар нөхцөлд байгаагаасаа хамааран өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг юм. Бас баримтат номуудыг тоймлон хүргэдэг Unlock подкастыг сонсох дуртай.
Trello болон Google Calendar дээр тэмдэглэдэг. Ер нь би эхлээд том зургаа гаргачихаад нарийн төлөвлөгөө гаргадаг. Ирэх 10 жилийн зураглал маань толгойд явж байгаа. Хараад байхад, би нэг хийе гэж бодож төлөвлөсөн бол алхам алхмаар урагшилсаар хийчихсэн байдаг юм. Нэг ажлыг 5 жил бодож хийлээ гэхэд хүмүүс гайхах нь бий. Харин бодож төлөвлөсөн юмаа нэг их өөрчлөөд байдаггүй дээ.
Сая хэлсэнчлэн, тууштай гэх юм уу. Зорьсон зорилгынхоо төлөө бол гүйж, зүтгэж чаддаг. Сэтгэл гал байхад зууханд гал олдоно гэдэгчлэн зорьвол бүтнэ л гэж боддог. Яаж ийгээд аргыг нь олчихоод л байдаг юм.
Шатахуун гэдэг яг л тог цахилгаантай адилаар бидний ажил, амьдралыг тасралтгүй явуулж байдаг гол түүхий эд шүү дээ. Би ажилтнууддаа "Та нар баатрууд шүү" гэж хэлдэг юм. Бид цастайд, бороотойд, амралтын, баярын өдрүүдээр гээд бүх л цагт бэлэн байдалд ажилладаг. Ажлаа тууштай хийх нь бидний хувьд олны өмнө гавьяа байгуулж байгаа хэрэг гэж боддог.
Бензиний үнэ эдийн засгийн суурь үнэ болдог учраас хариуцлагатай өндөртэй ажил.Дэлхийн зах зээл дээр үнэ байнга хэлбэлзэнэ, нөгөө талаар төрийн зохицуулалтаар ажил явна. Энэ бүх хүчин зүйлсийн дунд, ёстой л хадан дундуур урсах ус мэт уян хатан, аливаа асуудлын аргыг нь олж ажилладаг. Алдагдалтай ажиллах үе ч бий. Салбарын хувьд том дэд бүтэц шаарддаг ярвигтай салбар шүү дээ. Бид үндсэндээ 1000 орчим хүний хийх ажлыг 400 хүнээр нугалдаг. Ийм үр дүнтэй системийг бий болгохын тулд бид дунд шатны менежерүүддээ эрх мэдэл олгодог. Манай компанийн онцлог гэвэл, ихэнх борлуулалт бөөнөөр, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хийгддэг. Мөн Евро 5 стандартын бензинийг маань үнэтэй, өндөр чанартай машин техникүүд хэрэглэх заалттай байдаг юм. Өөрөөр хэлбэл чанарт илүү анхаардаг байгууллагууд манай үйлчлүүлэгчид байдаг.
Бид Gerege Systems-тэй хамтраад ухаалаг төлбөрийн систем бүтээхээр ажиллаж байна. НӨАТ гаргахдаа цаас гаргадаггүй, ухаалаг урамшууллын системтэй, хурдан шуурхай төлбөрийн хэрэгслийг энэ 12-р сард зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ маань салбартаа анхдагч ухаалаг төлбөрийн систем болох учиртай.
Энэ ажил бол бидний салбартаа хийж буй хоёр дахь үсрэлт гэж хэлж болно. Эхнийх нь Евро 5 стандартын шатахууныг хамгийн түрүүнд зах зээлд нэвтрүүлсэн явдал юм. Автомашинууд энэ шатахууныг бүгд хэрэглэж эхэлбэл агаарын бохирдол нэлээд хэмжээгээр буурах тооцоо байдаг.
Шатахуун түгээлт нь өөрөө сервис шоп буюу үйлчилгээний бизнес. Бид үйлчилгээний салбар уруу үйл ажиллагаагаа тэлэхээр рестораны бизнес эхлүүлэн туршилтын шатандаа яваа. Мөн зам, барилгын салбарт шинэ төслүүд хэрэгжүүлж эхлээд байна.
Хүүхдүүдээ хичээл хийлгэх үед ном нэлээн уншдаг шүү. Уран зохиол, бизнес, хувь хүний хөгжлийн чиглэлийн номууд зэрэг эхлүүлээд явдаг. Сүүлийн үед хөгжлийн эдийн засгийн сэдвийг сонирхох болсон байна лээ. Сингапурын Ли Куан Югийн намтар, Солонгосын Пак Гын Хэгийн намтар, Норвегийн хөгжлийн талаарх ном гээд л. Манайх чинь хөгжиж буй орон болохоор иймэрхүү туршлагуудыг сайн мэддэг байх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөгдсөн, алсын хараатай лидерүүдийн түүхийг бас их унших дуртай. Еврейчүүдийн түүх, соёл бас их анхаарал татдаг юм. Саяхан "Шоша" хэмээх зохиол уншсан, их таалагдсан шүү. Дайны үеийн жижигхэн еврей охины тухай юм шиг мөртлөө цаанаа эх орны үнэ цэнийг илтгэх философитой. Манай "Харуул Алтай" зохиолтой харьцуулаад уншвал зүгээр санагдсан.
Бас мэдээллийн технологи, крипто мөнгөний талаар мэдлэгээ нэмэгдүүлэхийг хичээн энэ чиглэлийн номууд харж байгаа. Манайх чинь үйлдвэрлэлийн суурь муутай, биет бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах нөөц багатай орон. Тэгэхээр хүний оюун ухаан, шинэ үеийн мэдээллийн технологид суурилсан бизнесүүдийг сайн хөгжүүлэх ёстой гэж боддог. Миний хувьд энэ төрлийн бизнес, төслүүдэд дэмжигч, хамтрагчаар оролцох сонирхолтой байдаг.
Юм бодох үедээ Моцартын 5, 7, 40 дүгээр симфониудыг тавьдаг. Бодох сэтгэх чадамжийг нэмэгдүүлдэг гэж ярьдаг шүү дээ. Бас мэдээж сайхан дуунууд сонсох дуртай. Shezam апп-ийг ашигладаг.
Дотогшоо талдаа гэж болно. Гэхдээ тайван юм шиг харагддаг хэрнээ би дотроо бол шатаж дүрэлзэж байдаг хүн. Энэ зан маань заримдаа өөрийгөө, бас ойр тойрныхныгоо тавгүйтүүлэх вий гэж санаа зовдог.
Орой 10 цагт унтаж байж л өглөө 5 цагт сэрнэ дээ (инээв). 10-05 цаг.
Олон нийтийн ажлуудад нэлээн их цаг гаргадаг шүү. Энэ нийгмийнхээ идэвхтэй гишүүн байхыг зорьдог юм. Ер нь би шинэ содон юмсыг их сонирхдог. Кино продюсерлах юм сан гэсэн хүсэл байдаг. Хүүхэд байхдаа бас шүлэг бичих гэж оролддог байлаа.
Хэдэн хэдэн ажил хийдэг тул эрч хүчтэй байхын тулд боломжоороо сайн амарч авахыг боддог. Гэртээ амрах, хөдөө хээр гарах дуртай. Бас усанд сэлдэг.
Би юм бүтээх дуртай хүн юм шиг байгаа юм. Гэртээ бол гэрээ цэмцийтэл цэвэрлээд гүнзгий амьсгаа авахаар сайхан болдог. Ажил дээрээ ирээд ажлаа сайхан нугалчихъя гэж бодно. Тэгээд ажлынхаа ард гарахаар их баярладаг. Хийсэн бүтээсэн зүйлийнхээ үр дүнг харах сайхан.
Мэдээж гэр бүлийнхэн, ээж, ах дүү нараасаа эрч хүч авдаг. Нас нэмэх тусам л ойр дотны хайртай хүмүүсээ их анзаарч, хайрлаж эхэлдэг юм шиг. Олон жил найзалсан найз нөхөдтэйгөө уулзаж бас сайхан урам зориг авдаг.
Аав, ээжийн маань хэлдэг байсан үгс надад нөмөр нөөлөг болдог. Бусад хүмүүсээс зөвлөгөө авч тохиолдол тийм ч олон биш. Би чинь бас нэлээн өөрийнхөөрөө хүн.
Ээж минь "Залуу хүн хүнээс айж ичээд яах вэ. Мэдэхгүй бол асууж бай. Яахав дээ, залуу юм чинь" гэдэг. Би ч бусдаас нэрэлхэлгүй мэдэхгүй чадахгүй зүйлсээ дор дор нь асуугаад явдаг. Нэрэлхүү занд дургүй гэх үү дээ.
Аав харин намайг хэзээ ч загнаж зэмлэдэггүй байсан. Юм хэлэх болбол "Чи чинь тийм хүн биз дээ, тэгээд яагаад?" гэж сайн талыг маань заавал хэлдэг байлаа. Ингэж асуухаар хүн чинь яах аргагүй юм боддог юм билээ. Тийм болохоор би ч гэсэн ойр тойрныхон, ажилтнууддаа ийм л аргаар үг хэлдэг.
Залуу хүмүүс маш дайчин байгаасай гэж хүсдэг. Ялангуяа сургууль төгсөөд удаагүй залуучууд шилдэг сайн байгууллагад ажиллахыг хичээгээрэй. Яагаад гэвэл тэр туршлага амьдралын чинь суурь болно. Ядаж сайн компанид жил хэртэй цалин гололгүй ажиллаад үзэх хэрэгтэй. Эсвэл сайн ментортой бол. Миний хувьд дөнгөж сургууль төгссөн хүүхдүүдийг ажилд авахдаа жаахан эмээдэг. Юу гэж эмээдэг вэ гэхээр, энэ сайхан залуучуудыг хайхрахгүй байж байгаад суурийг нь муу тавьчих вий гэж. Бидний үүрэг бол залуу хүмүүсийг өлгийдөн авч суурийг нь сайн тавих, тэдгээр залуучуудын үүрэг бол зөв газраа олох.
Мэдээллийн технологийн чиглэлээр амжилттай яваа хүмүүсийг дэмжих нь, сурталчлах нь бидний үүрэг гэж боддог. Тийм ч учраас LendMN-ийн Ч.Анар захирал, Gerege Systems-ийн Ц.Эрдэнэбат захирал нарыг санал болгоё.