Punsalmaa Foundation
НИЙТЭЛСЭН: 2022-08-29 03:48:47   |    Блог
Сайн сонсогч байх нь аливаа харилцааг амжилттай болгодог

Сайн сонсогч байх нь амжилттай харилцаа үүсгэх бат суурь болдог гэж би хувьдаа боддог. Аливаа хурал, уулзалт, харилцан ярианы үеэр ярилцагч талтайгаа хэрхэн үр дүнтэй, хүндлэлтэй харьцаж, эерэг үр дүнд хүрэх талаарх зөвлөгөөнүүдийг танд санал болгож байна.

 1.     Ярилцаж буй хүндээ бүрэн анхаарал тавь

 Хүмүүс цаг хугацааг үр дүнтэй ашиглахын тулд олон зүйлийг зэрэгцүүлэн хийхийг хичээдэг. Ихэнх хүмүүс завгүй байдаг. Гэвч та хүнтэй харилцаж л байгаа бол өнөөдөр дэлгүүрээс авах хүнсээ бодож эсвэл сошиалд шуугиан тарьж буй мэдээний тухай эргэцүүлэхийн оронд тухайн цаг мөчдөө төвлөрөх нь зүйтэй.  

Гэр бүлийн хүн тань стресстэй өдрийнхөө талаар хуваалцаж байхад та видео тоглоом тоглож зүрхлэхгүй байх, гэхдээ та гэр орны аар саар ажил гэх мэт ухаан шаардахгүй зүйл хийнгээ түүний яриаг сонсож болох мэт санагдавч бүрэн анхаарал шаарддаггүй үйл ажиллагаа ч гэсэн анхаарал сарниулдаг тул хийж байгаа юм аа түр орхиод түүний яриаг сонсоорой. Энэ бол их хүндлэл юм.

 Анхаарвал зохих нэмэлт зүйлс:  

·      Оройн хоолны төлөвлөгөө гэх мэт огт хамааралгүй зүйл дотроо бодохын оронд тэдний асуудлыг хамт тунгаан ярилцах

·      Ярианы сэдвийг өөр рүүгээ чиглүүлэхгүй байх. Өөрийнхөө талаар яриад эхэлбэл тэдний асуудлыг үгүйсгэсэн мэт санагдана

·      Хариултаа төлөвлөхгүй байх. Хэрэв та хэлэх гэж байгаа зүйлийнхээ талаар бодоод эхэлбэл түүний яриаг бүрэн дүүрэн ойлгох чадвар буурна.

Хоёр ажил хийж хоёуланд нь анхаарлаа хагас төвлөрүүлж байснаас өрнөж буй яриаг зогсоон “Би бүгдийг нь сонсмоор байна, гэхдээ би яг одоо чөлөөтэй ярих боломжгүй байна. Хэдхэн минутын дараа эргэж залгаж болох уу? ” гэх мэт хүндэтгэл үзүүлж байгаагаа тухайн хүнд харуулахыг эрмэлзэж байгаарай.

 2.     Биеийн хэлэмж 

 Биеийн хэлэмж, биеэ зөв авч явах чадвартаа онцгой анхаарах нь оновчтой харилцаа тогтоох шалгарсан арга зам юм.

 Хийж болох зүйлс

·      Хүн рүү биеэрээ харах

·      Бага зэрэг бөхийж ойртох

·      Элгээ тэвэрч, хөлөө ачихгүйгээр биеэ сул тавьж нээлттэй байгаагаа илэрхийлэх

·      Хүнтэй харьцахдаа нүд рүү нь харах. Байнга гөлрөх биш үе үе царай руу нь харах

·      Сонсож байх явцдаа толгой дохих

Хийж болохгүй зүйлс

·      Эвшээх юм уу санаа алдах

·      Цэхэлзэх, хуруу, үсээрээ оролдох, хөлөө савлах гэх мэт тогтворгүй байдлаа харуулах

·      Хөлөө ачиж, гараа зангидах, яриа таслах

3. Чимээгүй байхаас битгий ай

Уулзалтын үеэр хүмүүс гэнэт чимээгүй болохоор хэн нэг нь түргэн зуур яриаг үргэлжлүүлэхийг хичээдэг. Чимээгүй байх нь муу зүйл бол биш. Та сонсож байсан болохоор хэсэг тунгаан бодлогоширч болно. Ихэнх тохиолдолд чимээгүй болох үед нөгөө хүний хүндлэл нэмэгддэг. Асуудлыг сонсоод шууд хариулт хэлэх шаардлагагүй. Би жаахан бодож байна гэж хэлсэн ч болно.

Чимээгүй байх нь нөгөө хүнийхээ яриаг бүрэн дуусгах боломж олгодог.

Эргэцүүлэн бодох юм уу өөрийн үгээр ярих нь идэвхтэй сонсох гол хэсэг юм. Гэхдээ ихэнх хүмүүс үүнийг бүрэн ашиглаж чаддаггүй.

Хүний хэлсэн үгийг шууд ойлгож, давтах нь онцгүй бас ярилцлага удаан үргэлжлэхгүй байх нэг шалтгаан болдог. Эргэцүүлэн бодож суух нь шинэ бодол санаа бий болгож бас түгээж байдаг.

4. Ярилцагчийнхаа сэтгэлийг ойлгох

Хэн нэгэн сэтгэлийн зовлонгоо ярьж байвал шууд түүнд нь таарсан шийдэл олох гэж яарах хэрэггүй. Тэднийг зүгээр л сонсож ойлгох хэрэгтэй. Тэд зүгээр л хүнтэй ярьж, зовлонгоо хуваалцахыг хүсэх нь бий. Танд итгэдэггүй байсан бол ийм зүйл ярихгүй. Танд итгэдэг болохоор уудалж байгааг нь хүндлэх хэрэгтэй.

Энэ тохиолдолд дараах хариултуудыг хэлэх нь зүйтэй.

"Би чиний зовлонг ойлгож байна."

"Наадах чинь хэцүү сонсогдож байна шүү."

"Өөрт чинь ямар түгшүүртэй байгааг ойлгож байна."

5. Ухаалаг асуулт асуух хэрэгтэй

Идэвхтэй сонсох нь харилцааны нэг хэсэг учир дунд нь түр амсхийж болно. Гэхдээ хэт удаан чимээгүй байх хэрэггүй.

Хүнийг сонсохдоо, яриаг нь дундуур нь таслахгүй, дууссаны дараа ярих нь таныг сайн сонсогч гэдгийг илтгэнэ. Дутуу сонсвол, таны асуулт ч мөн сул байх болно.

Дэлгэрэнгүй хариулт нэхсэн асуулт асуувал ярилцлага баялаг болдог. Та дараа нь юу хийсэн бэ? Үүний дараа танд ямар байсан бэ? гэх мэтээр ярианы сэдвийг дэлгэрүүлж болно.

Амралтын өдрүүд дажгүй байсан уу? Энэ хичээл таалагдсан уу? гэж асуухын оронд Амралтын өдрөөрөө юу хийсэн бэ? Энэ хичээлийн талаар юу гэж бодож байна?

 

6. Хүнийг дүгнэх эсвэл хэт тулгасан зөвлөгөө өгөөд хэрэггүй

Зарим үед таны санаа нийлэхгүй зүйлийг ярилцагч тань ярьж байвал үүнийг өөртөө хадгалах хэрэгтэй. Хэлэх үгээ хэрхэн ойлгуулж байгаагаа бас сайтар ажиглах хэрэгтэй.

Яагаад ингэж байгаа юм бэ? эсвэл Наадах чинь юу гэсэн үг вэ? гэж шууд хэлэх нь нөгөө хүнд та уурлаж байна гэсэн бодол төрүүлнэ. Зөвлөгөө өгөх тал дээр, зөвлөгөө авахыг хүсээгүй л бол өөр хүнд ингэ тэг гэсэн зөвлөх нь тийм ч тааламжтай бус байдлыг бий болгодог. Хэрэв зөвлөгөө авъя гэвэл хүнд биш хөнгөхөн зөвлөгөө өгөх нь зөв.

Сайн сонсогч байх нь бусдыг хүндлэх соёл юм. Амжилт хүсье.